Мэдээллийн технологи (МТ)-ийг ажил албандаа ашигладаг албан хаагч, МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг 2 төрлөөр баталгаажуулдаг. Нэгт, нийлүүлэгчийн талаас тухайн компанийн бүтээгдэхүүнийг ашиглах чадварыг шалгадаг MICROSOFT CERTIFICATION, ORACLE CERTIFICATION зэрэг сертификаттай шалгалтууд орно. Хоёрт, суурь мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг үнэлэх Мэдээллийн технологийн инженерийн шалгалт орно.
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ) нь Япон улсын МТ-ийн шалгалтын систем дээр суурилдаг ба Азийн 12 оронд тус бүс нутагт нэгдсэн стандарттай болгох зорилготойгоор анх хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр орнуудад Япон, Энэтхэг, Сингапур, БНСУ, Хятад, Монгол, Филиппин, Малайз, Вьетнам, Мьянмар, Тайван, Тайланд улсууд ордог ба 2005 оны 11-р сард МТ-ийн инженерийн ур чадварын стандартууд болон МТИШ-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC)-ийг байгуулсан.
Манай улсад МТ-ийг ашигладаг албан хаагч болон МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварын төвшинг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх, олон улсын стандартыг хангасан боловсон хүчин ажиллуулах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн хөгжилтэй зэрэгцэн дээшлүүлэн олон улсын төвшинд үнэлүүлэх, улмаар экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор Засгийн газрын тохируулагч агентлаг болох Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо технологийн газар (МШХХТГ), Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яам, түүний харьяа Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран тус шалгалтыг ур чадварын стандартуудын хамт нэвтрүүлэн ажиллаж байна.
ITPEC-н гишүүн орнууд нь мэдээллийн технологийн инженерийн нэгдсэн шалгалтыг жилд 2 удаа, нэг цаг хугацаанд, ижил асуулгатайгаар явуулж байхаар тогтсон бөгөөд шалгалтыг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн. Нэгдсэн шалгалтад амжилттай шалгуулсан инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг. Монгол улсад анхан шатны буюу ажил албандаа МТ-ийг хэрэглэдэг албан хаагч нарт зориулсан МТ-ийн паспорт шалгалт, МТ-ийн мэргэжилтнүүдэд зориулсан суурь төвшний МТ-ийн инженерийн суурь шалгалт, дунд төвшний Програм хангамжийн инженерийн шалгалтыг тус тус авч эхлээд байна.
2010 оны намрын шалгалтууд буюу Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт, Мэдээллийн технологийн паспорт шалгалт 10-р сарын 31-ний өдөр авагдах тул та бүхэн өргөнөөр оролцож өөрсдийн мэдлэгээ үнэлүүлэн цаашид салбартаа амжилттай ажиллах боломжоо өргөжүүлэхийг хүсье.
0 comments:
Post a Comment